Home / Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

Түр ба удаан хугацааны уулзалт

1.Уулзалтыг хорих ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргын бичгээр өгсөн зөвшөөрлөөр ерөнхий жижүүр буюу ээлжийн дарга зохион байгуулна.

.2.Ялтан зохих хяналтын дор төрөл садантай удаан, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийнэ.

3.Төрөл садан гэдэгт түүний эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээг ойлгоно.

4.Түр болон удаан хугацааны уулзалтаар ирэгсдийн иргэний үнэмлэхийн хуулбар өргөдлийг тоо бүртгэлийн байцаагч хүлээн авч уулзагсад /төрөл садан/-ын баримт бичгийн бүрдлийг шалгаж, ялтны ял эдэлж байгаа дэглэм, уулзах хугацааг магадлан хуульд заасны дагуу тодорхойлно.

5.Удаан хугацааны уулзалтын байранд ор, ширээ, сандал, хүнсний зүйлс хадгалах шүүгээ, бусад хэрэглэл байх бөгөөд хугацаа нь 72 цагаас илүүгүй байна.

6.Түр уулзалтын байранд шаланд бэхлэгдсэн ширээ, сандал байрлуулах бөгөөд уулзалтын хугацааг эрх бүхий албан тушаалтан 3 цагт багтаан тодорхой зааж шийдвэрлэнэ.

7.Харуул хамгаалалтын ажилтны шаардлага биелүүлээгүй болон дотоод журам зөрчсөн тохиолдолд уулзалтыг зогсоож, энэ тухай ангийн удирдлагад мэдэгдэнэ.

8.Харуул хамгаалалтын алба уулзалтад хяналт тавьж, ялтанд өгч буй хүнсний болон бусад эд зүйлд үзлэг, шалгалт хийх бөгөөд ялтанд өгөхийг хориглосон эд зүйлс үзлэг, шалгалтаар илэрвэл тэдгээрийг түр хурааж, уулзалт дууссаны дараа эзэнд нь заавал буцаан өгч тэмдэглэл үйлдэн уг ялтны хувийн хэрэгт хавсаргана.

9.Удаан хугацааны уулзалтаар дор дурдсан нэг удаагийн хэрэгцээнээс илүү ирсэн болон уулзалтын үед хэрэглэж дуусаагүй буюу үлдсэн зүйлсийг буцаан олгоно:

Нэг удаагийн хэрэгцээ гэдэгт:

–       Гурилан бүтээгдэхүүн 5кг

–       Гурил 10кг

–       Будаа 5кг

–       Сахар 2кг, мах 4 кг, хүнсний ногоо 4 кг /бүх төрөл нийлээд/, жимс 2 кг, сүү 2 литр

–       Хагас боловсруулсан бүтээгдэхүүн 2кг хүртэл байх ба бусад ахуйн хэрэгцээний зүйлс 5 ширхэгээс илүүгүй байна. Хүнсний эрүүл ахуй, чанар аюулгүй байдлыг уулзалтаар ирсэн хүн хариуцана. /Энэ хэсэгт ХЗС-ын 2013 оны А/234-р тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/

10.Уулзалтын зардлыг уулзагсад хариуцаж ангитай тооцоо хийх ба удаан хугацааны уулзалт хоногт 4500 төгрөг байна.

11.Уулзалтыг ажлын өдрийн 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд хүчлэн хамгаалалт, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед түр хугацааны уулзалтыг хязгаарлахгүй.

12.Амралтын өдрүүдэд өөр орон нутаг, газар /тухайн хорих анги байрлаж буй газраас бусад аймаг, сум, хот/-аас уулзалтаар ирсэн иргэдийг иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бусад баримтыг нь үндэслэн уулзуулах асуудлыг хорих ангийн дарга нэн даруй шийдвэрлэнэ.

Уулзах хүсэлт гаргасан хүнтэй ялтан уулзахыг зөвшөөрөөгүй тохиолдолд хувийн хэрэгт нь тэмдэглэл үйлдэж, өөрөөр нь гарын үсэг зуруулна.

13.Ялтны хувийн хэрэгт албан ёсоор бүртгэгдээгүй, төрөл садны хүн болохыг нотолсон хууль ёсны баримт бичиг, эсхүл сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолтгүй иргэнтэй удаан хугацааны уулзалт хийлгэхийг хориглоно.

Scroll To Top